Надар хэмээх зээлдмэл нэрээрээ алдаршсан Францын  гэрэл зурагчин Гаспар Феникс агаарын гэрэл зураг (ландшафтын  зургийг агаараас авах) буюу байгалийн гэрэл зургийн нэгэн төрлийг бий болгосон билээ. Тэрээр  агаарт анх  гэрэл зураг авч эхэлсэн байдаг. Агаарын бөмбөлгөөс  зураг зүй  болон  газар нутгийг  хянах зорилгоор  гэрэл зураг авах санааг 1855 онд Надар  патентжуулжээ. Ингэхдээ гэрэл зургийн урлаг, уран сайхны үнэ цэнэ гэхээсээ тэрээр  гэрэл зургийн үнэн зөв түүнчлэн баримтат чанарыг илүүд үзсэн байна. Германы физикч-шилчин Эрнст Вандерслебийг Надарын үйл хэргийг үргэлжлүүлсэн гэж хэлж болох юм. Вандерслеб нарийн механикийн үйлдвэрт дуран болон линз бүтээдэг байжээ. Тэрээр Йен болон Тюрингийн  өөр өөр  хотоос агаарын бөмбөлөг хөлөглөн гарч 100-2000 метрийн өндөрт туршилтын  журмаар зураг авдаг байв. Вандерслеб  жуулчдын сонирхол татдаг шилтгэн болон ордны зураг авахаас гадна жижиг хот, тосгод, байгалийн ландшафт, үйлдвэрийн газар, тариалангийн талбай зэргийг зурагладаг байжээ. Эдгээр туршилтын үр дүнд гэрэл зургийн өвөрмөц түүвэр бий болгосон бөгөөд түүвэрт орсон зургуудын объектын ихэнх нь анх удаа  агаараас дуранд тусгагдсан аж. Вандерслеебийн гэрэл зургууд нь бөмбөгдөлтөнд хараахан өртөөгүй  дундад зууны сүм, шилтгэн болон хотуудын захиргааны  байшин буюу  Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнөх Герман улсыг  харуулдаг.

Эрнст Вандерслеб

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр  агаарын гэрэл зургийн  ач холбогдол  ихэд өссөн байна. Агаараас авсан гэрэл зургаас  цэргийн командлал дайсны цэргийн үйл ажиллагааны талаар  маш үнэтэй мэдээлэл авдаг байжээ. Өнөө үед Их Британийн Килийн их сургууль Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тагнуулын агаарын гэрэл зургийн архивыг интернет руу шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд холбоотны цэргийн хүч 1944 онд  Нормандид буусан, Британы цэргийн флотын усан онгоцууд  Германы “Бисмарк” хөлөг онгоцыг ангуучилсан зэрэг мөн түүнчлэн өөр олон  гэрэл зургийг интернет руу шилжүүлэх юм байна.

Агаарын гэрэл зураг нь  газар зүйн зураг бий болоход ихэд ач холбогдолтойгоос гадна геологич, газар зүйч, цаг уурч мэргэжилтэй  хүмүүсийн ажилд чухал бөгөөд техник болон уран сайхны хувьд ч сонирхол ихэд татдаг байна. Агаараас авсан байгалийн гэрэл зургууд шувуудын нисдэг тэр өндрөөс энэ ертөнц хэрхэн үзэсгэлэнтэй болохыг илүүтэйгээр мэдрүүлдэг. Мөн хуурай газарт зургийг нь авах боломжгүй тийм орон зай манай гариг дээр байдаг гэдгийг харуулдаг билээ.

Бернард Эдмайеер

Тавин настай Бернард Эдмайеер нь инженер болон геологич мэргэжилтэй бөгөөд Бавар мужийн нэгэн жижиг тосгонд оршин суудаг. Тэрээр  сүүлийн 13 жилийн турш  агаарын  гэрэл зураг  авч байна. 

Эдмайеер нь  агаараар маш их аялсан бөгөөд Сибирээс Мальдивын арлууд хүртэл нислэг хийжээ. Тэрээр  байгалийн үзэгдэл, тэр дундаа гаж үзэгдэл,  тод болон ер бусын өнгө, хэлбэр дүрс, арал, боомт , ой мод,  мөсөн уул, галт  уулын онцлог болон өвөрмөц зэргийг  хамгаас илүү  сонирхдог... Үзэх нь байтугай хүрч очиход бэрх, бараг боломжгүй газруудын байгалийн үзэсгэлэнг тэрээр гэрэл зурганд буулгадаг бөгөөд ингэхдээ гэрлийн фильтрийг хэрэглэн өнгөний нягтралыг (ханалтыг) тохируулж  зохиогчийн  хувьд өөрийгөө илэрхийлдэг. Заримдаа Эх дэлхийн байгаль биш, өөр нэгэн  шидэт гаригийн  байгаль юм уу гэмээр зураг тэрээр авдаг.  

Алекс Маклин

Нисэгч, гэрэл зурагчин Алекс Маклин  Америкийн Нэгдсэн Улсын ландшафтын гэрэл зургийг авдаг байна. Тэрээр ихэнхдээ хүний үйл ажиллагааны үр дүнд байгальд гарсан өөрчлөлтийг нарийн нягт баримтжлуулдаг. Хүрээлэн байгаа орчны экологийн зохист  түвшинг хадгалж, үргэлжлүүлэн барих үүднээс  гэрэл зургаараа дамжуулан хүн болон байгалийн харилцааны  асуудлыг  шийдэхийг тэрээр чармайдаг аж. Маклин  ариун дагшин байгалаас  гадна машин тэрэг, онгоцны зогсоол, парк болон орон сууцны хороолол  зэрэг нь бий болгодог геометрийн дүрсүүд түүнчлэн нямбайлан эрэмбэтэй  барьсан тосгоны байшин, нуруу өвс зэргийг дурандаа авдаг байна. Түүний гэрэл зургуудын онцлог нь зохион байгуулалтын хувьд  геометртлэг, ханасан тод өнгөтэй байдагт оршино. Энэ нь түүний юмсыг үзэх өвөрмөц үзэл бөгөөд ер бусын ч гэлээ танил хэв маягийг уйгагүй  эрдэг болохыг нь нотолно. Маклины уран бүтээл уйтгартай биш бас  номчирхдаггүй юм.

Ян Артюс-Бертран

Нилээд олон гэрэл зурагчин уран бүтээлдээ  экологийн асуудлыг  хөнддөг. Францын гэрэл зурагчин Ян Артюс-Бертраныг  агаарын гэрэл зургийн мастер гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг билээ. Тэрээр 1995 онд далайцтай гэмээр  “Өндрөөс харагдах ертөнц” нэртэй  төсөл эхлүүлсэн нь жилээс жилд муудаж байгаа экологийн нөхцөл байдлыг харуулах зорилготой аж. Бертран нисэх тэргээр дэлхийн зуугаад улс оронг тойрон ниссэн буюу агаарт 4000 гаруй цаг өнгөрүүлжээ. Төслийн хүрээнд тэрээр манай гаригийн өнцөг булангаас авсан гэрэл зургийн өвөрмөц  сан бий болгосон бөгөөд Эрнэ де ла Мартиньертэй хамтран  ном зохиол бичиж хэвлүүлжээ. Бертраны зургууд  дэлхийн 40 улс оронд үзэсгэлэн болж тавигдсан бол түүний “Тэнгэрээс харсан дэлхий” нэртэй ном нь 24 хэлээр орчуулагдсан байна. Номынхоо гэрэл зургуудын тайлбарт манай гаригийн экологийн нөхцөл байдал ярвигтай  гэдгийг өгүүлээд байгалийн нөөцөнд ариг гамтай хандахыг уриалсан байна. Байгалийн нөөцийг өнөө үеэд хэрэглэх, үйлдвэрлэх болон ашиглах нь нэгэнт хүрсэн түвшинд цааш үргэлжилбэл манай гариг удаан оршихгүй гэдгийг Бертран цохон тэмдэглээд түүнийг  аврахын тулд юу хийх вэ гэдэг талаар эргэцүүлэхийг уриалжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсийнхээ төлөө Ян Артюс-Бертран Францын дээд шагнал Хүндэт легионы одонгоор шагнагдсан байна.

 

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    108

Munkhdelger Tuvshin

Веб сайт: www.suuder.com

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл