Гэрэл зураг (фотография) Грекийн фотос (гэрэл), графос (бичих) гэсэн утгатай үгнээс үүсжээ. Нэгэнт гэрлээр бичих гэсэн санааг илэрхийлж байгаа учир гэрэл гэгээ бол гэрэл зургийн амин чухал зүйл юм. Ийм болохоор гэрэл мэдрэх чадалтай бодисын найрлагаар цардсан хавтгайд тусгай багажны (аппаратын) тусламжтайгаар хүн болон юмны дүрсийг буулгахыг гэрэл зураг гэнэ.

Гэрэл мэдрэгч бодисоор цардсан хавтгаг гэрэл зургийн материал гэдэг. Гэрэл мэдрэгч материалыг түрхсэн дэвсгэр эд нь шил бол түүнийг гэрэл зургийн шил (фото пластик), целлюлоз байвал гэрэл зургийн хальс (фото плёнк) цаасан дэвсгэртэй бол гэрэл зургийн цаас (фото бумага) гэж нэрлэдэг. Дүрс гэрэл мэдрэгч материал дээр дурангийн тусламжтай хуулан авах буюу буулгахад зориулагдсан багаж хэрэгслийг гэрэл зургийн аппарат гэнэ. Аппарат нь олон эд ангиас бүрдэх бөгөөд тус бүрдээ нэртэй, гүйцэтгэх үүрэг зорилготой байдаг тухай дараа ярина.

Гэрэл зураг авахад:

1. Зураг авах (татах) явц
2. Негатив (урвуу дүрс) гаргах
3. Позитив (бодит дүрс) гаргах гэсэн гурван үндсэн ажиллагаа шаардана

Зургийн аппаратыг гэрэл мэдрэгч материал болох шил юм уу хальсаар цэнэглээд, зураг авах юмныхаа дүрсийг түүний гадаргад буулгахын тулд аппаратынхаа дурангийн өрцөө (лиафрагма) гэрлийн тусгалыг хормын төдий оруулах хэрэгтэй энэ хугацааг хурдны барилт (выдержка) гэдэг. Зураг авсан хальс буюу шилээ аппаратаас гаргаж аваад, химийн тусгай найрлага бүхий тодруулах нэгдүгээр хоронд угаавал урвуу байдалтай дүрс гарна. Аливаа юмны бүдэг сүүдэртэй тал нь гэрэлтэй тунгалаг, гэрэл сайтай тал нь өтгөн хар болон тодордог. Ийм урвуу дүрстэй шил буюу хальсыг гэрэл зургийн  негатив гэнэ. Негативыг тодруулах хороор дамжуулсны дараа гэрэл мэдрэх цаасан дээр гэрлийн тусламжтайгаар буулгахад зөв дүрс гарна. Цаасан дээр буусан энэ дүрсийг позитив буюу гэрэл зураг гэнэ. Хэрэв позитивыг цаасан дээр биш гэрэл зургийн шил буюу хальсан дээр буулгасан байвал диапозитив гэж нэрлэдэг. Өнгөт ба хар цагаан диапозитивийг үзэсгэлэн, чимэглэлд ашигладаг.

Эх сурвалж: М.Лхагвасүрэн "100 асуултын хариу"  ном 1986 он.

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    215

Mishig Lkhagvasuren

Камер: Nikon F3

Веб сайт: https://beta.suuder.com/m.lkhagvasuren

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл