Гэрэл зурагт орох гэж байгаа хүн бүрт тулгардаг асуулт нь ямар төхөөрөмжүүдээр эхлэхэд байдаг. Гэрэл зураг бол ороход тийм ч хямд биш хобби/мэргэжил тул болзошгүй зардал гарна гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв та яг юуны зураг дарах, хэр хэмжээнд хобби болгож хөгжүүлэх аль эсвэл карьер болгох эсэхдээ итгэлгүй байвал аль болох багаар хөрөнгө оруулах хэрэгтэй. Магадгүй та хөлөө бага зэрэг дүрээл авах ч юм билүү. Би Canon-оор зураг дардаг гэхдээ дунд болон мэргэжлийн төвшинд бол төхөөрөмжийн брэндүүд нэг их ялгагдаад байхгүй ижил хэмжээний үр дүнг өгнө. Мэдээж брэнд бүр өөр өөрийн давуу болон сул талуудтай. Харин эхэлж байгаа хүн бол туршлага цуглуулж, зохиомжуудаа сурж, зургаа засварлаж өөрийн стилиэ олох хэрэгтэй. Энэ бүгд цаг хугацаа шаардана.

Ихэвчлэн эхлэн сурагчдад жижиг мэдрэгчтэй (cropped censor) камерууд зөвлөж байгаа харагддаг. Огт камергүй байсан хүнд бол үнэхээр том өөрчлөлт болж магтаалын үг их сонсож болох ч гэр бүлийн зураг боломжийн гоё туршилтуудаас дээшлэхгүй л болов уу. Энгийн (casual) зураг дарах хүнд хангалттай ч яг гэрэл зургийг мэдэрч чадахгүй өнгөрөөнө.

Тэгвэл би танд Canon EOS 5D mark 1, классик 5D ч гэж нэрлэдэг камерыг зөвлөж байна. 2005 онд Canon брэндийн тэргүүн зэргийн төхөөрөмж байсан уг камер одоогийн төвшинд бол нилээдгүй хоцрогдсон. Гэхдээ энэ загвар бол одоогийн 5D серийн эхлэл өвөг эцэг нь юм. Дотор нь ямар нэгэн видео дүрс бичхийн тулд хослуулсан олон янзын технологиуд байхгүй зөвхөн гэрэл зурагт анхаарч төвлөрсөн жинхэнэ дижитал классик. Дээрээс нь бүрэн хэмжээний гэрэл мэдрэгчтэй (full frame) тул үр дүн нь цаанаа л нэг гоё хальсны ч юм шиг мэдрэмж төрүүлдэг юм байналээ одоо эргээд хархад. Үнийн хувьд ч гэсэн хуучин учраас их боломжийн санагдсан (Amazon дээр 350$-с эхлэнэ). Эхлэх камераа мэргэжлийн хэмжээнд авсан үед бол дурандаа ч хөрөнгө оруулахад амар болно. Гэхдээ эхлээд шууд 1000$ давсан гэхээсээ илүү шилэн, тоглоом ч гэж ярьдаг Canon EF 50mm f/1.8 STM дуран аваарай. Энэ дуран өргөн өрцтэй мэргэжлийн камерны мэдрэмжийг боломжийн үр дүнтэй мэдрүүлнэ. 100$ үнэтэй уг дуранг аль болох шинээр нь авсан дээр шүү. Харин бусад сайн дурангууддаа гэрэл зургаар мөнгө олж эхэлтлээ цэвэрхэн хэрэглэсэн L дурангууд сонгож байгаарай. 

Canon EOS 5D mark 1 авах шалтгаанууд:

• Мэргэжлийн гэрэл зурагчдад бол төгс нөөцийн камер болно.
• Бүрэн хэмжээний гэрэл мэдрэгчтэй (full frame) камер. Жижиг мэдрэгчтэй (cropped cencor) камераар хэзээ ч тийм хэмжээний зураг гаргах боломжгүй.
• Одоогийн камеруудтай харьцуулахад маш энгийн функцтэй камер.
• 12.8 мекапиксель нягтшилтай зураг гаргана. Мэргэжлийн хэмжээнд хангалттай хүрэх учир хөрөг зураг, хурим, баримтат гэрэл зургуудад тус тус тохирно.
• Том гэрэл мэдрэгч сенсорт бага нягтралшилтай зураг буулгах нь орчин үеийн ямар ч камер гаргахгүй арзгар (grain) хальсны мэт эффекттэй. 2005 онд бол хамгийн сайн нь байсан юм шүү.
• Мэргэжлийн камер учир цэнэгээ сайн барина.
• Дурандаа зарцуулах төсөвтэй үлдэнэ.
• Мэргэжлийн хэрэгцээнд зориулсан учир хийц болон материалын хувьд чанартай байдаг.

Ингээд гэрэл зурагт орох гэж буй сонирхогчдодоо өөрийн өнцгөөс зөвлөгөө хүргэлээ. Та бүгд өөрийн төсөв зорилгодоо тааруулан сайтар судалж хобби/карьерээ эхлээрэй амжилт!
 
  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    89

Munkhdelger Tuvshin

Веб сайт: www.suuder.com

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл