Үндсэн төрлүүд

Пикториализм (буюу пиктореализм - мэргэжлийн ном зүйд хоёр янзаар тэмдэглэдэг) гоо зүйн урсгал бөгөөд баримтлагчид нь гэрэл зургийг пикториал (уран зураг шиг, уран зургийг дурайх) байдлаар авахыг эрмэлздэг. Австрийн символизм, Английн прерафаэлизм буюу Рафаэлийн өмнөх гоо зүй болон уран сайхны урсгал, Германы югендштиль буюу модерн урсгал болон Францын ар-деко, ялангуяа импрессионизм нэлээд нөлөөлсөн учир пикторалист гэрэл зурагчдын бүтээлийг гэрэл зургийн импрессионизм ч гэдэг.   

Сурталчилгааны гэрэл зургийн зорилго нь ямагт бараа бүтээгдэхүүнийг толилуулахад оршино. Арилжааны гэрэл зураг нь амаргүй хийгээд зохиогчийнхоо санаа бодол, ертөнцийг үзэх үзлийг илтгэхээс илүүтэйгээр үзэгчид нөлөөлж хэрэглэгчийнхэн хувьд хариу зөв үйлдэл хийхэд чиглүүлдэг.

Пейзажийн зургийн шинэ төрөл-агаараас зураг дарах төрлийн нээлт нь Надар гэдэг нэрээр алдаршсан францын гэрэл зурагчин Гаспар Феликс Турнашоны нэртэй шууд холбоотой билээ. Тэрбээр анх түрүүн агаараас зураг авч эхэлсэн. Надар 1855 онд газар нутгийг ажиглах, картжуулахад зориулан агаарын бөмблөгөөс зураг авах санааг патентжуулсан байна.

Архитектур /уран барилга/ нь хүн төрөлхтөн өөрийн түүхийн хөгжлийн замдаа бүтээж үлдээж ирсэн үндсэн үе шатууд юм. Бидний өдөр тутмын амьдралын ар дэвсгэр /фон/ болсон байшин, барилга байгууламжууд нь гэрэл зургийн хамгийн ойр зохиомж болж байдаг. Улирч өнгөрсөн үеүүдийн тод гэрч, өнгөрсөн жилүүдийн ахуй амьдралыг илтгэн харуулдаг өвөрмөц хийц бүхий уран барилгын загварууд нь гэрэл зургийн мастеруудын хувьд үйл ажиллагаа явуулах болон өөрийн уран бүтээлийн санааг илэрхийлэх хязгааргүй орон зай болдог.